ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

2021 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар тавдугаар сарын 5-ны 18:00 цаг хүртэл үргэлжилж нийт 40,420 шалгуулагч бүртгүүлжээ. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт 7-р сарын 1-4-ний хооронд болох ба 1-ний Пүрэв гарагийн 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.

Улаанбаатар хотод 13,000 орчим сурагчид,  хөдөө орон нутагт 27,000 гаруй сурагчид  төгсөж байгаа бөгөөд улсын хэмжээнд 48 шалгалтын төв бэлдсэнээс 21 аймаг тус бүрд нэг төв, Улаанбаатар хотод шалгалт авах 27 төвийн ариутгал халдваргүйтлийг хийж  шалгалт зохион байгуулах орчин бүрдүүлсэн байна.   

Шалгалтын байр тус бүр дээр халдвар аваагүй сурагчдад зориулсан, сэжиг бүхий шалгуулагчдад зориулсан,  халдвар авсан сурагчдад зориулсан тусгай өрөөг бэлдсэн ба эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу сурагчдын халууныг хэмжиж, гарыг ариутгаж, шаардлагатай тохиолдолд тусгай өрөөнд шалгалтыг авах зохион байгуулалтыг хангасан байна.  

 Энэ жилийн хувьд зөвхөн танхимд үзсэн хичээлийн хүрээнд шалгалтын агуулгыг бэлтгэх ба  ЕБС төгсөгчдөд зориулан Боловсролын үнэлгээний төвөөс тулгамдаж буй асуудал, мэргэжлээ хэрхэн зөв сонгох, шалгалтын айдсыг хэрхэн даван туулах талаар мэргэжлийн  10 сэтгэл зүйч чатбот ашиглан болон 70119498 дугаараар дамжуулан сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.

2020 оны төгсөгчид Сүүлийн гурван жилд нийт шалгалтад оролцогчид нь орос хэлний элсэлтийн ерөнхий шалгалтаас бусад шалгалтанд улсын дундаж дүнгээр тогтмол 500 оноо авч байгаа нь огт өсөлтийг үзүүлэхгүй байгаа бөгөөд олон талыг алдаа дутагдал байгааг илэрхийлж байна. Иймд бүтэн жилийн турш цахимаар хичээллэсэн төгсөх ангийн сурагчдын энэ жилийн шалгалтын үзүүлэлт нь цахим хичээлийн үр дүнг шууд тодорхойлж олон хүний чанартай, чанаргүй гэх дүгнэлтэнд хариулт өгөх юм.

Шалгалтын хэрхэн дүгнэдэг вэ? Нийт 10 хичээлээр ЭЕШ өгөх боломжтой бүгд зуун онооных бөгөөд дундаж нь 500 руу хөрвөөд, 200-800 онооны хооронд тархаан боддог олон улсын аргачлалыг ашигладаг. Энэ нь олон хүүхдийг эрэмбэлэн жагсаахад, интервалыг нь их болгож байгаа юм. Мөн стандарт хазайлт, Z оноо гэсэн утгууд нэмэлтээр орж ирнэ. Хүүхдүүд “би монгол хэл дээр 50 авсан юм чинь 500 оноо” авна гэсэн ойлголт байдаг. Монгол хэлний шалгалтын улсын дундаж 70 хувь гэвэл 70 хувийг 500 гэж бодоод,  200-800 руу хөрвүүлдэг. Тухайн жилийн сурагчдын гүйцэтгэлийг улсын дунджаар тодорхойлоод, дээш доош нь эрэмбэлдэг.  

ШАЛГАЛТАД ИРЭХДЭЭ БИЕДЭЭ АВЧ ЯВАХ ЗҮЙЛС:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /ЭЕШ-ын бүртгэл дуссаны дараа гарна. Суудлын хуваарь бэлэн болсон үед та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна.
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувь

ШАЛГУУЛАГЧИЙН ЗААВАЛ АНХААРАХ ЗҮЙЛС:

ЭЕШ өгөх сурагчдын хувьд урт хугацааны турш маш сайн бэлдсэн ч зарим нэг бэлтгэлгүй байдлаас болж, үйлдлийн алдаа гаргаж урт хугацааны хөдөлмөрөө талаар болгох тохиолдол бий. Тэгвэл төгсөгчдийн гаргадаг түгээмэл алдаа болон цар тахлын үед болж байгаа учир дараах зүйлсийг дагаж мөрдөн шалгалтын өмнөх бэлтгэлээ хангаарай.

  • Амны хаалтаа зүүх
  • Хүн хоорондын зайгаа барих
  • Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
  • Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
  • Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
  • Их хэмжээний шингэн уухгүй байх
  • Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
  • Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах
  • Өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байх
  • Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай ба шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

Эх  сурвалж: БШУЯ, БҮТ