Мэргэжлээ сонгохоос өмнө заавал тунгааж үзэх зүйлс.

Өөрт тохирох мэргэжлийг хэрхэн сонгох вэ?, надад ямар мэргэжил тохирох бол? Энэ бол ахлах ангийн сурагчид төдийгүй гэр бүлийнхэнд нь хамгийн чухал бөгөөд ээдрээтэй асуулт билээ. Зарим нь ирээдүйн мэргэжлээ аль хэдийнээ сонгосон байдаг бол зарим нь эргэлзсээр байж болох юм.  Дэлхий дээр шинээр мэргэжил, ажлын байрууд үүсч нэмэгдэж байгаа ч зарим мэргэжлүүд үгүй болсоор байдаг тул мэргэжлээ хэрхэн зөв сонгох нь хялбар зүйл биш юм. Хөдөлмөрийн зах зээл дээр ямар ажил мэргэжил эрэлт хэрэгцээтэй болон илүүдэлтэй байгаа мөн тухайн мэргэжлээр төгсөөд ямар ажил хийх зэргээ судалж мэдэхгүйгээр зөвхөн дээд боловсролын төлөө сэтгэлийн хөөрлөөр их дээд сургуульд элсэн суралцаж болохгүй.  Иймд мэргэжлээ сонгохоосоо өмнө харгалзаж үзэх, судалж үзэх, анхаарах зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.

Мэргэжлээ сонгохоос өмнө зайлшгүй харгалзан үзэх ёстой 3 зүйл

Мэргэжил сонголтын тулгын гурав гэж нэрлэгддэг, мэргэжлээ сонгоход зайлшгүй харгалзан үзэх ёстой гурван зүйл бий.

Нэгдүгээрт, өөрийн сонирхол чухал. Хүн дуртай зүйлдээ цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулахад бэлэн байдаг. Эсрэгээрээ, хүүхдийг дургүй зүйлд нь хүчлэхэд хэцүү. Харин юу ч сонирхохгүй байна гэдэг нь тухайн хүн өөрийгөө “олоогүй” байгаа гэсэн үг.

Хоёрдугаарт, хүүхдийн авьяас, сэтгэц физиологийн онцлог шинж. Жишээ нь, маркетингийн менежер хүн нээлттэй, хөдөлгөөнтэй, сэргэлэн байх ёстой. Нягтлан хүн анхаарлын төвлөрөлт сайн гэх мэтчилэн онцлогууд бий.

Гуравдугаарт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг харгалзан үзвэл зохилтой.

Мэргэжлээ сонгохоосоо өмнө дараах 10 зүйлийг заавал судалж үзээрэй.

Нэгд, Ажил мэргэжлүүдийн талаар өргөн мэдлэгтэй болох

Хоёрт, Өөрийгөө таних (сэтгэл зүйн сорил өгөх)

Гуравт, Гадаад хэл дээр сонирхож судлах

Дөрөвт, Аав ээж, багтайгаа зөвлөх

Тавт, Мэргэжлийн дагуу зорилгоо төсөөл, мөрөөд

Зургаад, Хөдөлмөрийн зах зээлийг тандах

Долоод, Бодит мэргэжилтэнтэй уулзах, зөвлөгөө авах (Эрсдэл, давуу тал, сул тал)

Наймд, Ажил хийж үзэх /Volunteer/

Есд, Карьер мэргэжилтний зөвлөгөө авах

Аравт, Өөрийн сонгосон мэргэжлээр хамгийн шилдэг мэргэжилтэн болгох сургуулиа судлах багтаж байна.

Сонголтоо хийхээсээ өмнө бүх мэргэжлүүдийн талаар судалж үзээрэй

Дэлхийд 10 гаруй мянган мэргэжил бий. Тэгвэл 2013 онд хийсэн судалгаагаар ахлах ангийн сурагчдын 81.42 хувь нь 16 мэргэжлийг нэрлэсэн бол нийслэлийн ахлах ангийн сурагчдын 80 гаруй хувь нь 13 төрлийн мэргэжлийг сонгожээ. Эдгээр нь инженер, эдийн засагч, эмч, хуульч, багш, загвар зохион бүтээгч, менежмент, сэтгэл судлаач, батлан хамгаалах салбар, сэтгүүлч, жүжигчин, программист, архитектор зэрэг юм. Үндсэндээ Монгол хүүхдүүдийн сонголт 13 мэргэжилд эргэлддэг байна. Үүнээс улбаалан мэргэжлийн илүүдэл, дутагдлын тоо, ажилгүйдлийн хувь хэмжээ ихсэх нэгэн шалтгаан болж байна. Чиний мэддэггүй, урьд нь сонсож ч байгаагүй мэргэжлүүдийг цаг гарган судлаад үзээрэй. Магадгүй танд хамгийн сайн тохирох, чиний хамгийн ихээр дурлах ажил мэргэжил тэр дунд байж болох юм…             Мэргэжлээ сонгох үйл явц ээдрээтэй,эргэлзээтэй байх нь гарцаагүй. Гэвч хүн бүр эцэст нь сонголт хийдэг. Харин энэ сонголтыг хийхдээ хэр их ач холбогдол өгч, цаг гаргах судалж үзсэн нь зөв сонголт хийх магадлал өндөр юм. Иймд бидний өгч буй дээрх зөвлөгөөний дагуу өөрсдөө судалгаа хийн, эрэлч, сониуч байгаарай.