НЭГ. Ирэх арван жил Монгол Улс болон олон улсад эрэлттэй мэргэжлүүд
Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газраас Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл, цаашдын хөгжлийн хандлага, тухайн салбарын ажиллах хүчний багтаамж зэргийг нэгтгэн үзэж, ирэх таван жилд эрэлттэй байх арван мэргэжлийг танилцуулсан байдаг. Үүнд,
- Маркетингийн менежер
- Мэдээллийн технологи
- Өндөр зэрэглэлийн тогооч
- Барилгын инженер
- Авто барилгын инженер
- Гоо сайхны мэс засалч
- Уул уурхайн инженер
- Архитектор
- Геологич
- Төслийн менежерүүд тус тус багтжээ.
Харин олон улсын хэмжээнд ирэх 10 жилд ирээдүйтэй мэргэжлийн хувьд,
- Мэргэжлийн сувилагч
- Программ хангамжийн инженер
- Ерөнхий ба үйл ажиллагааны менежер
- Санхүүгийн менежер
- Удирдлагын шинжээч
- Зах зээлийн судалгааны шинжээч, маркетингийн мэргэжилтэн
- Менежер
- Эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний менежер
- Эмч, мэс засалч
- Компьютер, мэдээллийн системийн менежер багтжээ.
ХОЁР. Мэргэжлээ сонгоход зайлшгүй харгалзан үзэх ёстой зүйлс
Хэдийгээр гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй мэргэжлүүдийг харах нь чухал ч нөгөө талд хувь хүний үзэл бодол, зан араншинд тохирох мэргэжил аль нь вэ гэдгийг судалж сонгох нь зөв юм.
Мэргэжлээ сонгоход зайлшгүй харгалзан үзэх ёстой гурван зүйл бий.
- Өөрийн сонирхол чухал. Хүн дуртай зүйлдээ цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулахад бэлэн байдаг. Эсрэгээрээ, хүүхдийг дургүй зүйлд нь хүчлэхэд хэцүү. Харин юу ч сонирхохгүй байна гэдэг нь тухайн хүн өөрийгөө “олоогүй” байгаа гэсэн үг.
- Хүүхдийн авьяас, сэтгэц физиологийн онцлог шинж. Жишээ нь, маркетингийн менежер хүн нээлттэй, хөдөлгөөнтэй, сэргэлэн байх ёстой. Нягтлан хүн анхаарлын төвлөрөлт сайн гэх мэтчилэн онцлогууд бий.
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг харгалзан үзэх гэж СЭМҮТ-ийн Сэтгэл зүйн оношилгооны багийн ахлах зэрэгтэй эмч Ж.Нямцэцэг хэлж байсан удаатай.
ГУРАВ. Мэргэжил сонгохдоо гаргадаг алдаанууд
Түүнчлэн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир мэргэжил сонголтын талаар өгсөн ярилцлагадаа мэргэжил сонгохдоо гаргадаг алдаануудыг дурдсан байдаг.
- Өөрийгөө дутуу үнэлэх. Өөртөө итгэлгүй байдал нь залуучуудад мэргэжлээ сонгохдоо гаргадаг хамгийн том нийтлэг алдаа юм. Мөн өөрийн чадавх боломжоо бодитой үнэлж чадахгүй тохиолдол ч байдаг. Хэрэв өөрийгөө бүрэн дайчилж чадна гэвэл ямар ч мэргэжилд өөрийг сорьж үзэх нь чухал гэж бодож байна.
- Мөнгөнд үндэслэж сонголт хийх. Тухайн мэргэжлээр дамжуулан хэдий хэмжээний мөнгө олохдоо биш, харин өөрийн сонирхолдоо, мөн чадавхдаа үндэслэн сонгох хэрэгтэй. Зөвхөн тухайн үеийн нэр хүнд, цалин хангамжийг бодож сонголт хийх нь буруу зүйл юм.
- Урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийн төлөвлөгөөгүй байх. Ер нь богино хугацааны ахархан бодлоор аливаа төлөвлөгөөг хийж болохгүй. Мэргэжлээ сонгохдоо хэзээ ч сольж болно гэсэн бодлоор хандах нь буруу юм. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр төсөөлж, төлөвлөж байгаа ирээдүйдээ хүрч чадна гэдэгтээ илтгэлтэй байна уу? гэх зэрэг ирээдүйн төлөвлөгөөгөө бодох хэрэгтэй гэж бодно.
- Эцэг, эхийн сонголтоор шийдвэр гаргадаг. Бусдын нөлөөнд автаж сонголт хийх нь алдаатай сонголт болох магадлал өндөр. Мэдээж эцэг эх, ахмадууд, багш, мэргэжлийн зөвлөхүүдтэй санал бодлоо солилцож шийдвэр гаргалгүй яах вэ. Гэхдээ эцэг, эх нь хүүхдэдээ сонголт хийх боломж олголгүй “Миний хүү, охин ерөөсөө л эмч бол манайхан бүгд эмч мэргэжилтэй”. Эсвэл “Цалин өндөртэй мэргэжил сонго” гэж тулгах нь бас алдаа болдог талтай. Хамгийн гол мэргэжлээ сонгох гэж буй хүн өөрийгөө зөв таних, мөн сонгох гэж байгаа мэргэжлээ сайн судалсан байх хэрэгтэй.
- Өмнөх ажлын туршлагад суурилж шийдвэр гаргах. Урьд өмнө нь хийж байсан ажлаас олж авсан туршлага хүнд хэрэгтэй боловч урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийг сонгоход тийм ч чухал биш юм. Ажил мэргэжлийг сайтар судлахгүйгээр сонголт хийх нь буруу. Зуны амралтаар нэг удаа хийж үзсэн ажлаа би чадах юм байна гэж бодох нь өрөөсгөл зүйл.
- Мөн хичээлийг мэргэжилтэй адилтган сонгох явдал байдаг. Хичээлийн сонголт бол харьцангуй жижиг сонголт гэж хэлж болно. Хичээлийн сонголт хийж байгаатай адил мэргэжлээ сонгох нь эрсдэлтэй. Жишээ нь химийн хичээлд сайн байлаа гээд л эмч мэргэжил сонгох нь учир дутагдалтай.
- Мөн найз нөхдөө даган дуурайж мэргэжлээ сонгох гэх мэт нийтлэг алдаанууд гаргадаг. Мэргэжлээ сонгохдоо эхлээд энэ мэргэжил таны хувьд ямар утга учир, ач холбогдолтой вэ? Сонгосон мэргэжилдээ өөрийн чадавх боломжоо бүрэн дүүрэн зориулж чадах уу? Энэ мэргэжилдээ цаашид өсөж хөгжих замаа төсөөлж байна уу? хэмээн сайтар бодох хэрэгтэй. Нухацтай бодож шийдвэр гаргахгүй дургүй, сонирхолгүй мэргэжлээ сонговол 4-6 жил буюу 1,460-2,190 хоногийг боловсрол эзэмшихэд зарцуулж, цаашид тухайн мэргэжлээрээ ажиллавал дунджаар 40 жилийг дургүй, сонирхолгүй зүйлдээ зарцуулах магадлалтай. Энэ нь маш уйтгартай, бас амжилтгүй амьдралыг танд өгөх болно.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж алхахын тулд зөв мэргэжлээ сонгон суралцах нь хамгаас чухал.