Элсэлтийн журам

НОМЭРА ДЭЭД СУРГУУЛИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1. Номэра дээд сургууль /цаашид НДС гэх/ -ийн бакалавр, магистрын хөтөлбөрт 2022-2023 оны хичээлийн жилд оюутан элсүүлэл үйл ажиллагаанд Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, БШУСайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, 2018 оны A/194 тоот “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаал, 2021 оны A/187 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал, 2022 оны А/47 тоот “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаал, НДС-ийн элсэлтийн нэгдсэн бодлого болон энэхүү журмыг удирдлага болгоно.
    2. НДС -ийн бакалавр, магистрын хөтөлбөрт шинээр элсэн суралцах элсэгчдийн хяналтын тоог Удирдах зөвлөл тогтооно.
    3. НДС -ийн элсэлт авах мэргэжлийн хөтөлбөрүүдийн танилцуулга, суралцах хугацаа, элсэгчдэд тавих шаардлага, элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт, бүртгэлийн талаарх мэдээллийг тус сургуулийн nomera.edu.mn цахим хуудас, сургуулийн хэвлэмэл танилцуулга дээр байршуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИСС, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

    1. НДС -ийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, элсэхийг хүсэгчдийг бүртгэх, хяналтын тоог баримтлах, ирсэн санал, гомдлыг хүлээн авах, барагдуулах үүрэгтэй “Элсэлтийн комисс” /цаашид Комисс гэх/ -ыг НДС -ийн захирлын тушаалаар томилно.
    2. Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.
    3. Комисс нь элсэлтийн үйл ажиллагаандаа “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль” болон уг журмыг удирдлага болгоно.
    4. Комисс нь Захирлын тушаалаар томилогдсон өдрөөс эхлэн элсэлтийн төлөвлөгөөний дагуу элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
    5. Комисс нь тусгай зөвшөөрөлд заасан мэргэжлийн чиглэл, индексийн дагуу оюутан элсүүлэхдээ нийт суралцах хугацаа, судалх багч цагийн хэмжээг тодорхой мэдээлнэ.
    6. Элсэлтийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар ажлын тайлан бичиж сургуулийн захиргаанд танилцуулна.

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГУУД

    1. НДС -д элсэгч нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.
    2. Элсэгч нь Боловсролын үнэлгээний төв /БҮТ/ -өөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ -ыг өгсөн, НДС -ийн элсүүлэх мэргэжлийн босго оноог хангасан байна. /Хавсралт-1/
    3. Элсэлтийн ерөнхий шалгалтын хоёр дахь хичээлийг ур чадварын шалгалтаар тооцох мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/ -ийн жагсаалтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
    4. Бакалаврын болон дипломын боловсрол эзэмшсэн мөн тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэнийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулна.
    5. Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэл, хөтөлбөрөөр элсэх тухайн салбартаа 3 -аас доошгүй жил ажилласан 30 -аас дээш насны иргэнийг ЭЕШ -гүй элсүүлэн суралцуулна.
    6. Гадаад улс оронд ерөнхий боловсрол эзэмшсэн элсэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс тухайн улс орны шалгалтын оноог дүйцүүлсэн батламж авсан тохиолдолд элсүүлнэ.
    7. Номэра дээд сургуульд элсэхийг хүссэн гадаадын харъяат иргэдийн асуудлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

    1. Элсэхийг хүсэгч иргэн нь тус журмын Хавсралт 1 -д заасан элсэлтийн босго оноог хангасан байна.
    2. Элсэхийг хүсэгч иргэний босго оноог тухайн хөтөлбөрт харгалзах хичээлүүдийн дундаж оноогоор тогтооно.
    3. Элсэгч нь ЭЕШ -ыг 2 ба түүнээс дээш хичээлээр өгсөн байна. Хоёр дахь хичээлийн шалгалтыг ур чадварын шалгалтаар тооцож болно.
    4. Үндэсний босго оноог хангасан элсэхийг хүсэгч иргэн олон улсын болон үндэсний чанартай олимпиад, уралдаан, тэмцээн, олон улсын шалгалтын амжилтыг нотлох баримтыг үндэслэн элсүүлнэ.
    5. Үндэсний босго оноог хангасан ч сонгон шалгаруулалтаар оноо тэнцсэн элсэгчийн бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн, багш нарын тодорхойлолт, эссэ бичлэг, ярилцлагыг харгалзана.  
    6. Элсэлтийн болзол хангасан элсэхийг хүсэгч иргэн энэхүү журамтай танилцаж, элсэлтийн цахим системд nomera.edu.mn/register/ бүртгүүлнэ.

ТАВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

    1. НДС -д элсэхийг хүсэгч иргэн уг журмын 4.5 -д заасан элсэлтийн цахим системээр бүртгүүлнэ.
    2. Цахим бүртгэлийг 2022 оны _ сарын _ өдрөөс 2022 оны _ сарын _ өдрийг хүртэл зохион байгуулж, “Суралцах эрхийг бичиг” -ийг элсэгчийн имэйл хаягаар илгээнэ.
    3. Улаанбаатар хотын харьяалалтай  элсэгч нь өөрийн биеэр болон цахим хэлбэрээр  бүртгүүлэх боломжтой.  
    4. Бүрэн дунд боловсролтой элсэхийг хүсэгч иргэн элсэлтээ баталгаажуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ.
      1. Элсэгчийн анкет
      2. Цахим үнэмлэхний хуулбар
      3. Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн баримт бичиг
      4. Хувийн хэрэг
      5. 3х4  хэмжээтэй цээж  зураг 2 хувь
    5. Дээд боловсролтой элсэхийг хүсэгч иргэн элсэлтээ баталгаажуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ.
      1. Элсэгчийн анкет
      2. Цахим үнэмлэхний хуулбар
      3. Бакалаврын дипломын хуулбар
      4. 3х4  хэмжээтэй цээж  зураг 2 хувь
    6. Элсэгчдийн боловсролын баримт бичиг түүний баталгаажилт бүрэн хийгдсэн байна. /Тамга тэмдэг, дүн, гарын үсэг/
    7. Элсэгч нь _ сарын _ өдрөөс _ сарын _ өдрийн хооронд сургуульд бүртгүүлж, сургалтын төлбөрийн 10 хувийг тушаасны үндсэн дээр “Сургалтын гэрээ” байгуулна. Сургалтын төлбөрийг төлөхдөө сургалтын гэрээнд заасан хугацаанд төлнө.
    8. Заасан хугацаанд бүртгүүлээгүй, эсхүл бүрдүүлэх баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдвол элсэгчийн суралцах эрхийг хүчингүйд тооцно.

ЗУРГАА. ТЭТГЭЛЭГ

    1. НДС -ийн нийгмийн хариуцлагын хүрээнд дараах шаардлагыг хангасан элсэгчдэд сургалтын төлбөрийн тэтгэлэгийг “НДС -ийн Бакалаврын сургалтын журам” -ын дагуу олгоно.
      1. Элсэгчийн тухайн хөтөлбөрт харгалзах хичээлүүдийн 2022 оны ЭЕШ -ын оноо 800 бол эхний жилийн сургалтын төлбөрийг 100%, 799- 750 бол 50%, 749- 700 бол 20 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг;
      2. Олон улсын болон үндэсний  хэмжээний урлаг, спортын уралдаан, тэмцээнд оролцож, эхний 3 байранд шалгарч байсан бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 20 хувийн тэтгэлэг;
      3. Нэг гэр бүлээс 2 ба түүнээс дээш элсэгч суралцвал нэг суралцагчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 20 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно;

ДОЛОО. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН МАРГААН, ГОМДОЛЫГ ШИЙДВЭРЛЭХ

    1. Элсэлтийн бүртгэл,оюутан элсүүлэхтэй холбоотой иргэний мэдээллийг бичгээр болон тус сургуулийн 99253854; 86055453; 11-367145 утсаар хүлээн авна.
    2. Элсэлтийн комисс элсэлттэй холбоотой бүх асуудлыг хариуцан эцэслэн шийдвэрлэж, хариуцна.
    3. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод явуулна.
    4. Элсэлтийн бүртгэлд ашиглах материалуудыг хуурамчаар бүрдүүлвэл гарах хохирол, хариуцлагыг элсэгч өөрөө хариуцна.

2022-2023 оны хичээлийн жилд элсэлт авах бакалаврын өдрийн хөтөлбөр

Хөтөлбөрийн чиглэлХичээл-1Хичээл-2Босго оноо
1Бизнесийн удирдлагаМатематикНийгмийн тухай мэдлэг эсвэл Англи хэл580
2СанхүүМатематикНийгмийн тухай мэдлэг эсвэл Англи хэл580
3Нягтлан бодох бүртгэлМатематикНийгмийн тухай мэдлэг эсвэл Англи хэл580
4Программ хангамжМатематикНийгмийн тухай мэдлэг эсвэл Англи хэл580
5График дизайнМатематикНийгмийн тухай мэдлэг эсвэл Англи хэл580

2022-2023 оны хичээлийн жилд элсэлт авах бакалаврын эчнээ хөтөлбөр

Хөтөлбөрийн индексХөтөлбөрийн чиглэл
1D041301Бизнесийн удирдлага
2D041101Нягтлан бодох бүртгэл